| Дэлхийн жишигт нийцсэн цанын бааз
Дэлхийн жишигт нийцсэн цанын бааз Кино дэлгэцээр л харж байсан шиг хиймэл цастай, дүүжин лифттэй цанын бааз Монголд бий боллоо. Монголын М-Си-Эс групп, “Петровис” компани, БНСУ-ын “Тайхан” групптэй хамтран олон улсын стандартад нийцсэн “Скай Ресорт” цанын баазыг ашиглалтад өглөө. Хандгайтаас өөр цанын баазгүй байсан бидний хувьд тус цогцолбор цагаа олсон үйлчилгээ болжээ. 4000 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай тус газрыг босгохын тулд 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Тус бааз нь цана, чарганы гээд нийт есөн замтай. Та гулгаж чаддаггүй гэж айлтгүй. Цанаа хэрхэн зөв өмсөхөөс эхлүүлээд гулгаж сурах хүртэл таны дэргэдээс мэргэжлийн багш хараа салгахгүй ажиллана. Эднийд 20 гаруй сургагч багшаас гадна эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх баг бий. Хэрэв та гулгах анхан шатны мэдэгдэхүүнтэй эсвэл сайн гулгадаг бол цанын замаа өөрсдөө сонгож болно. Ур чадвараас тань шалтгаалаад зам нь тус тусдаа учраас энд тэндээс хэн нэгэн гарч ирээд, дайрчих вий гэж болгоомжлох хэрэггүй. Үүнээс гадна цанаар хичээллэхийг хүсвэл энд сургалт явагдаж байгаа. Ганцаарчилсан болон багаар 1-4 цаг хичээллэх бөгөөд үнийн хувьд хүүхэд 7.000-73.000, том хүн 10.000-104.000 төгрөгийн төлбөртэй аж.
2009 оны 11-р сарын 30 | |
