| Гурил болгон ТАЛХ болдоггүй
Гурил болгон ТАЛХ болдоггүй Ж.ТЭГШЖАРГАЛ /Өнөөдөр сонин/ Талх бидний хүнсний хэрэглээнд онцгой байрыг эзэлдэг. Монголын Батаа, Хятадын Ли, Оросын Андрейгийн гэр бүлийн өглөөний цайнд талх байж л байдаг. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрт буй айл өрхийн өглөөний цайг талхгүйгээр төсөөлөх аргагүй. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар эрүүл хүн өдөрт 300-400 грамм талх идэх ёстой байдаг аж. Учир нь талх ургамлын гаралтай уургийг агуулснаараа хамгийн үнэ цэнэтэй хүнс болдог байна. Хүний арьс хар, шар, улаан, цагаан гээд олон төрөл байдгийн адил талх ч бас өөрийн гэсэн өнгө, амт, хэлбэртэй. МЭӨ 6000 ОНЫ ҮЕЭС ТАЛХЫГ АНХ ХЭРЭГЛЭЖЭЭ Эртний хүмүүс буудайг үр тариа чигээр нь буюу чулуун дээр тавьж нүдээд, устай хольж чанан, зутан хэлбэртэй болгон иддэг байж. Харин дараа нь үүнийгээ шарж хэрэглэвэл амт чанараа удаан хадгалдаг болохыг мэдсэнээр талх гэгч бүтээгдэхүүн эртний Месопотамид МЭӨ 6000 оны үед анх үүсчээ. Тэр үеийн талханд исгэгч нэмдэггүй байсан учраас хөвсгөр биш, хавтгай, хатуу зүйл байсан гэдэг. Дараа нь талхыг овъёосоор хийдэг болсон ч улаан буудайн талх нь илүү амттай байснаас ихэнх талхны “бүтэц” өөрчлөгджээ. Мөн исэлдлийг түргэсгэхийн тулд исгэгч нэмэх болсон байна. Түүнээс хойш талх гэдэг бүтээгдэхүүн хүн төрөлхтөнтэй “нөхөрлөөд” он удаан жил болов. Судлаачдын үздэгээр бүр Эртний Ромд талхны мухлагууд байсан гэнэ. Тэр үед чулуун тээрмээр буудайгаа тээрэмдэн, гурил болгодог байсан аж. Талх хийх арга нь дундад зууныг хүртэл бараг өөрчлөгдөөгүй бөгөөд пийшин бий болсноор талх барих технологи маш хурдан хөгжиж, төрөл бүрийн талх бий болон, өндөр хүчин чадалтай талхны үйлдвэрүүд баригджээ. Харин одоо үзэмтэй, сүүтэй, бяслагтай, дөрвөлжин, зууван, зүссэн гээд төрөл бүрийн талх хийгдэх болсон юм. Ийм сонирхолтой түүх бүхий өдөр тутмын байнгын хэрэглээ болсон талх нь ямар шат дамжлагаар бидний ширээн дээр ирдгийг сурвалжлахаар “Талх чихэр” ХК-ийн үйлдвэрээр зочиллоо. Эднийх дотоодын хэрэгцээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг юм. ТАЛХ БЭЛЭН БОЛОХОД ДОЛООН ЦАГИЙН ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ Талхны үйлдвэр цаанаа л өөр юм билээ. Олон төрлийн талхны тансаг үнэртэй орчинд үргэлж ажилладаг үйлдвэрийн ажилчдад атаархах сэтгэл төрснийг нуух юун. Биднийг очиход “Атар”, “Зууван чех” болон “Хөх тарианы хар талх”-ны үйлдвэрлэл явагдаж байсан юм. Талх үйлдвэрлэхэд анхаарах зүйл нь гол түүхий эд болох гурилаа хэрхэн зөв сонгоход оршино. Учир нь гурил болгон талх болдоггүй гэнэ. Тиймийн тулд талх хийхэд тохиромжтой, цэвэр, эрүүл, гүйцэд болсон буудай хэрэглэх нь хамгаас чухал бөгөөд гурилаа буудай байхаас нь эхэлж чанарт нь анхаардаг гэсэн. “Талх чихэр” ХК-ийн хувьд “Милл Хаус”-аас гурилаа нийлүүлдэг бөгөөд өдөрт 60 тоннын багтаамжтай 16 том саваар гурил хэрэглэдэг юм байна. Талх үйлдвэрлэлийн хамгийн эхний шат нь зуурмагт хэрэглэх хөрөнгийг бэлтгэх юм. Талхныхаа амт, чанараас шалтгаалан олон төрлийн хөрөнгө хэрэглэдэг бөгөөд бидний сайн мэдэх “Атар” талхыг өтгөн хөрөнгөөр исгэдэг юм билээ. Өтгөн хөрөнгийг 240 литрийн тогоонд урьдчилан бэлтгэдэг бөгөөд нэг удаагийн үйлдвэрлэлээрээ хөрөнгө бэлтгэх 26 тогоог ашигладаг байна. Дараа нь зуурмагаа бэлтгэнэ. Талхны зуурмагт хөрөнгө, гурил, ус, хөөлгөгч зэрэг ордог. Зуурмагийг тусгай төхөөрөмж бэлтгэх учир ямар нэгэн алдаа гарах нь бага аж. Бэлтгэсэн зуурмагаа ойролцоогоор 3.5-4 цаг исгэнэ. Гурил исэх явцад мэргэжилтнүүд байнга эргэж тойрч, технологийн дагуу исэж байгааг шалгах ёстой байдаг. “Талхны зуурмагтай яг л нярай хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцах ёстой” гэж үйлдвэрийн ажилчид ярьж байсан. Зуурмаг бэлэн боллоо. Одоо бэлэн болсон зуурмагийг таслагч машинд оруулна. Таслагч машин зуурмагийг 600 граммаар таслан, дараачийн дамжлага руу илгээнэ. Энэ бол хөөлгөгч төхөөрөмж. 600 гр-аар хуваагдсан бэлдэц тус төхөөрөмжид ойролцоогоор 50 минут хөөж дугуй хэлбэрт орно. Ийн хэлбэрт орсон талх хамгийн гол дамжлага болох жигнэлтийн хэсэгт очно. Талхыг 220-240 градуст 35-40 минут жигнэнэ. Жигнэх явц бас өөр өөр. Жигнэх төхөөрөмж эхний тав орчим минутад 202 градусын халуунтай байсан бол дараа нь 258 болж өснө. Энэ хугацаанд талхны өнгөн хэсэг шарлаж, хатуу хэлбэртэй болно. Дараа нь градус аажмаар буурч 254 болох ёстой. Энэ үед талхны өнгөн хэсэг шаргалтаж харагдана. Харин сүүлийн 10 минутад 207 градусаар жигнэснээр бидний өдөр тутмын хэрэглээ болсон талх бэлэн боллоо. Бэлэн болсон талх тусгай дамжлагаар дамжин хадгалах зооринд шилжих бөгөөд энд тусгай тавиурт хураагдаж тодорхой хугацаанд хөрнө. Ингээд л шөнийн хоёр цагаас эхлэн түгээлт эхэлнэ дээ. 50 орчим машинаар 2000 гаруй цэгт түгээдэг гэсэн. НЭГ ТАЛХ ОЙРОЛЦООГООР 22 ЗҮСЭМ БОЛДОГ Дэлхий нийтийн талхны хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хүний цагийг хэмнэсэн, олон төрлийн амт чанартай талх хийгдэх болсон. Манай талхны үйлдвэрүүд ч гэсэн дэлхийн чанараас төдийлөн ялгагдахааргүй амт чанартай талх олноор хийх боллоо. Одоогоор манайд 20 гаруй талхны үйлдвэр ажиллаж байгаа бө¬гөөд зүссэн, бөөрөнхий, дөрвөлжин хэлбэртэй, франц, итали маягийн амттай, хар, цагаан өнгөтэй, сэндвич хийх зориулалтай бүх төрлийн талх худалдаалагдаж байна. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоор манайд зүссэн талх худалдаалагдах болсон нь гүйлгээ сайн байгаа юм билээ. “Талх чихэр” ХК 2006 оноос анх зүссэн талх худалдаалж эхэлсэн бөгөөд одоогоор “Сүүтэй чех”, “Зууван чех”, “Мишээл”, “Ургац” зэрэг олон төрлийн зүссэн талх гаргаад байна. Сонирхуулахад эдний уут талх нь ойролцоогоор 22 зүсэмтэй аж. ТАЛХНЫ “ДОНТОН” БОЛЖМОРУУД ҮЙЛДВЭРИЙН ДЭЭВЭРТ ӨВӨЛЖДӨГ Өдөр бүр шинэхэн талхны үнэр сэнгэнэж байдаг тус үйлдвэрт шувууд их “найзархаг”. Өглөө бүрийн шинэхэн талхтай зэрэгцэн эртэч болжморын сүрэг “хоол нэхэн” дээвэр дээр нь шаагилддаг гэсэн. Хүн амын байнгын хэрэгцээний хүнс үйлдвэрлэж байгаа учир эрүүл ахуйн шаардлага дээд зэргээр тавигдах ёстой. Тиймээс үйлдвэрийн ажилчид дүрсгүй болжморуудтай чадлаараа тэмцдэг гэнэ. Талхны үйлдвэрлэлийн исгэгчээс бусад бүхий л түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэдэг байна. Гурил болгон талх болдоггүй гэж дээр хэлсэн шиг уут болгонд талх савлаж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай тусгай уутанд талхаа савлах ёстой аж. Хэрвээ та анзаарсан бол талх бэлэн болоход 7-8 цаг зарцуулагддаг юм байна. Бидний иддэг талханд ийм их хугацаа, хүч хөдөлмөр орсон байдгийг та мэдэж авлаа шүү дээ. Тиймээс талхыг хатааж хаяхгүй гамтай хэрэглэж байгаарай. 2009 оны 12-р сарын 09 | |
