
Сөүлийн тэмдэглэл
Манай сонины дезайнер ... Өлзийжаргал бид хоёр БНСУ-ын өдөр тутмын сонин болох Жунан Илбо сонинд “номын дуу сонсож”, арван хоёр хоногийн “дадлага” хийгээд ирлээ. Энэ хугацаанд тус сонины үйл ажиллагаатай танилцан “туршлага судалсан” юм. “Жунан Илбо” сонин бол улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгддэг, өдөрт хоёр сая хоёр зуун мянган хувь хэвлэгддэг нүсэр том аппарат ажээ.
Гэрэл зургийн албанд дадлага хийж байхад улсын их сургуульд элсэх элсэлтийн шалгалт ид явагдаж байсан юм. Арван нэгдүгээр сард элсэлтийн шалгалтаа аваад, дараа оны гуравдугаар сарын 1-нд хичээлийн шинэ жил эхэлдэг гэнэ.
Манайхаас нэг ялгаатай юм гэвэл Их сургуулийн элсэлт энд “жинхэнэ утгаараа” явагдана. Нэг өдөр Их сургуульд элсэх шалгалтын үйл явцын зургуудаас хамгийн сайныг нь сонгох ажлыг надад даалгалаа. Их сургууль гэдэг ёстой л хүний хүсэл мөрөөдлийн туйл байдаг юм гэдгийг харуулсан олон зуун зургууд миний өмнө байх ажээ. Шалгалт өгөөчийг дэмжсэн ар гэрийнхэн, найз нөхөд нь сургуулийн гадна эгээ л баярын сүрт жагсаал хийж байгаа аятай амжилт ялалтыг хүссэн уриа лоозон барин бөөнөөр зогсох, эсвэл хүүгээ, охиноо хүссэн оноогоо аваасай хэмээн тэнгэр бурханд даатган, чин сэтгэлээсээ залбирсан зуун зуун аав ээжүүдийн нүдээ аниад сөгдөн суусан төрх ... Үүнээс үүдэн солонгосын их сургуулиудын тухай багахан атугай ч гэсэн мэдээлэл цуглуулъя гэсэн сонирхол төрөв. Солонгост “Seuol”, “Yonsei”, “Korea” гэдэг нэртэй олон их, дээд сургууль бий.
Ингээд БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийг зорилоо. 1946 онд байгуулагдсан тус сургууль нь Солонгостоо “номер нэг” улсын сургууль, олон улсын хэмжээнд 47-дугаарт жагсдаг нэр хүндтэй сургалт судалгаа, эрдэм шинжилгээний цогцолбор.
Та бүхэн дээрх зургийг хараад аль нэгэн улсын хороолол гэж бодсон байх. Тэгвэл энэ Сөүлийн их сургуулийн Гванак хотхон.
Тус сургууль нь Сөүлийн урд хэсэгт Хан мөрнөөс урагш Гванак дүүрэгт байрладаг болохоор Gwanak campus гэж нэрлэдэг. Эзэмшил газрынхаа хэмжээгээр “Ханкук”-даа бас л ”number on”. Дотроо мэргэжлийн 9 салбар сургуультай 98 тэнхэмтэй ба мөн салбар коллеж 12-той, коллежууд нь 84 тэнхэм, нийт 30000 оюутантай. Эдийн засаг, хууль, боловсролын, эрүүл мэнд чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгодог. Багш ажилчид нийлээд гэхэд 3600 хүний ахуй амьдрал энэ сургуультай холбоотой. Гадаад орноос 1800 гаруй оюутан, 830 орчим магистрант суралцдагаас тоогоороо эхнийхэд нь БНХАУ, хоёрдугаарт манай монгол улс ордог аж. Монголоос 60 орчим хүн магистрт сурдаг гэсэн шүү. Улсын сургууль учраас тэтгэлэг, дэмжлэг, хангамж сайн, сургалтын хийгээд, байрны төлбөр бусад сургуулиас ч хамаагүй хямд байх жишээтэй. “Yonsei”, “Korea” сургуулийн дотуур байрны төлбөр сард 400-500 мянга орчим бол, Сөүлийн их сургууль 150 мянга гэнэ шүү. Оюутны байр нь гэр бүлтэй оюутных, энгийн, гадаад оюутных гээд ангилалтай гэхээр дэндүү сайхан сонсогдож байгаа биз. Оюутны байр нь манайхных шиг “дотуур байр” нэрэндээ тохирсон ядуухан оромж аятай мухар тасаг биш, тохилог саруул амины орон сууц л гэсэн үг. 2-3 өрөөнд ганцаараа, эсвэл хоёулаа ч байх. Мэргэжил салбар сургууль бүр өөрийн хэсэгт ийм сайхан дотоод /дотуур гэж хэлж болохгүй л оргиод байсныг энэ дашрамд дурдая/ орон сууцтай аж. Бидний очсон эрүүл мэндийн салбар сургуулийн байранд 2400 оуютан амьдардаг, дотор нь байх цайны газраас оюутнууд илчлэг, бас үнэ хямд хоол иднэ. Хажууханд нь фитнесс төв бий, үнэгүй үйлчилнэ. Тэр ч байтугай, оюутнуудын хувцас угаалгын газар ч дотроо. Лав л 20-оод угаалгын машин харагдаж байсан. Гэр бүлтэй оюутны байр хажуудаа хүүхдийн цэцэрлэгтэй. Манайхаар бол хэмжээгээрээ нэг дөмөгхөн шиг аймгийн төв шиг дэлгүүр, банк, эмнэлэг,үзвэр үйлчилгээний газартай. Оюутнуудын хичээл хийх нөхцөл орчин гэж ярих юм биш. Нэг удаа төв номын сангаар нь орлоо. Таван давхар том барилга нэг л их сургуулийн номын сан шүү дээ. Гэтэл монгол улсын төв номын сан маань ердөө гуравхан давхар хуучин байшин байдаг гээд бодохоор... Дотроо хүн бүр чөлөөтэй хэрэгцээгээрээ хэвлэх хэрэгсэлтэй. Утасгүй интернэт бол хаа сайгүй, хамгийн гол нь манайх шиг оюутнуудаасаа “пришкинийх нь 300 төгрөг” нэхэж “шогтоод байхгүй”, тийм болохоор мэдлэг мэдээлэл авах бүрэн бололцоотой. Сөүлийн их сургуульд Монголоос 60-аад хүн бий гэж дээр дурдсан билээ.Түүний нэг болох У.Билгүүнтэй уулзаж ярилцлаа.
2008 оны 9 дүгээр сараас Бизнессийн удирдлагын сургуулийн Мэдээллийн системийн менежтентийн тэнхимд магистраар сурч байгаа тэрээр сөүлийн их сургууль гадаад оюутнуудын тав тухыг хангах нөхцөлийг гайхалтай сайхан бүрдүүлсэн байдгийг хэллээ. Тэтгэлэг, дэмжлэг бусад орнуудтай харьцуулахад хамаагүй нээлттэй, сурах чадвар, хүсэл эрмэлзлэлээ сайн илэрхийлж, итгэн үнэмшүүлж чадвал боломж, бололцоо ч их гэнэ. Солонгосууд дээд мэргэжилтэй боловсон хүчин болохын тулд бага сургуулиасаа мэрийх ёстой, тэгвэл төгссөн хойноо ажилд орох боломж энгийн нэгнээ хоёр дахин их буюу 60 орчим хувь байдгийг мах ясандаа хүртэл ойлгоцгоожээ.
Ингээд бид Гванак хотхоноос гарч явахдаа манай улсад оюутнуудаа ийм хотхон бариад өгчихвөл сайхан байх даа гэж бодогдож байтал гэнэт дээхэн үед манай сонины нэгэн дугаарт Солонгос компани ийм хотхон барих гэж байгаа мэдээ гарсныг саналаа. Энэхүү ажлыг KMGG /Korea Media Global Group/компани эхлэх гэж байгаа гэж.Ингээд энэ талаар тодруулахаар өнөөх компаний хаягийг сониноосоо интернэт гээч хурдан хөтөчөөр дамжуулан хорьхон минутын дотор аваад, тэр зүг хөдлөв
KMGG компани нь барилгын чиглэлээс гадна телевизийн нэвтрүүлгийн чиглэлээр ажилладаг аж. Манай улсад барих оюутны хотхоны зураг төслийг аль хэдийн гаргачихсан байна шүү. Бүр газрыг нь хүртэл тогтчихож. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан нисэх буудлын урд талд гээд. Тус компанийхан Улаанбаатар хотод ирээд, Барилга хот байгуулалтын яамтай оюутны хотхоныг барих гэрээг хэдийн хийсэн гэв. Хамгийн олзуурхууштай нь эхний ээлжинд хотхоныг барих хөрөнгийг бүгдийг өөрсдөөсөө гаргах гэнэ. Ойролцоогоор дөрвөн зуун сая ам долларын хөрөнгө төсөвлөжээ. Хотхоны зураг төслийг үзэхэд оюутны байр, их сургууль, номын сан, багш ажилчдын байр, театр, дэлгүүр, дунд сургууль, цэцэрлэг гээд бүхэл бүтэн дүүргийн хэмжээний зохион байгуулалттай байх аж. Нийт 25000 хүн амьдрах боломжтой гэнэ. Баярт мэдээ дуулгахад, 2010 оны 6 дугаар сараас оюутны байрыг барих бөгөөд манай даржин оюутнуудад орон байрны хэрэгцээ туйлын их байгааг хэдийн олж мэджээ. Хөөрхий оюутнууд маань байрны подвалд хүртэл амьдарч байгаа өнөөгийн нөхцөлд үүн шиг хэрэгтэй юм гэж юу байх вэ. Боловсролыг дээдэлдэг дэлхийн ихэнх улс орнууд оюутны бүхэл бүтэн том кампусуудыг байгуулдаг жишиг манайд ч гэсэн бодитоор хэрэгжээд эхэлбэл наанадаж залуучуудын сурах хүсэл тэмүүлэл, амьдрал ахуйд цаанадаж улс эх орны минь ирээдүйн гэрэл гэгээд хэрэгтэй санж. Хамгийн гол нь эхлэх л хэрэгтэй.