| ГАЗАР ДЭЛХИЙТЭЙ ХАМГИЙН ОЙРХОН АЯЛАЛ
ГАЗАР ДЭЛХИЙТЭЙ ХАМГИЙН ОЙРХОН АЯЛАЛ
Бидэнд нохой чаргаар аялах боломжийг ” Wind of Mongolia” аялал жуулчлалын компани олгосон юм. Энэ сарын 15-ны өдөр уг жуулчны компанийн баазад очиход 40 орчим нохойтой аялагчид угтан авлаа. Эд бүгд Аляскийн Хаскинүүд байв. Манай дөрөв хоногийн аялалын багт “Wind of Mongolia” нохой чарганы спортын аялал жуулчлалын захирал Р.Жоэл, түүний гэргий менежер Б.Буяндэлгэр, Францаас ирсэн жуулчин М.Антони, “Гоодаль” сэтгүүлийн сурвалжлагч Чинбат бидний таван хүн байв. Р.Жоэл нь Франц улсын иргэн. Тэрээр уул нь жудогийн тамирчин байсан. Бэртлийн улмаас мөрөндөө гэмтэл аван барилдаж чадахаа болсон учраас хоёр жилд нэг удаа нохой чаргаар дэлхий тойрох болсон. Азид аялал хийхээр глобус эргүүлээд хуруугаараа заатал Монгол таарсан гэнэ. Тэгээд 2003 онд Монголд 7 нохойтой анхны аялалаа хийжээ. Улмаар Монголд үлдэхээр шийдэж нутгаасаа 13 нохой авч ирснээр өнөөдрийг хүртэл нохойн чарганы спорт аялалын жуулчны компани удирдаж байгаа аж. Уг компаниар куба, энэтхэг, солонгос, япон, АНУ гээд олон улсаас жуулчид ирж аялдаг байна. Нохой чарганы аялал гэхээр бид чарган дээр тухалж суугаад зургаа аваад л явах мэтээр төсөөлж байлаа. Бодит байдал огт өөр байлаа. Тэрэлжийн Залаатаас эхэлсэн бидний аялал адал явдлаар дүүрэн байв. Надад таван нохойтой чарга өгч, тоормосыг нь зааж өгөөд л хөдөлсөн. Шууд нохой чарга хөллөөд давхих аймаар санагдаж байлаа. Дөнгөж хөдлөөд өнөөх ноход мөсөн дээгүүр хурдтай давхиад чарган дээрээ тэнцвэрээ олохгүй эргэлтэн дээр унаад өгсөн. Нохдоо алдахгүйн тулд чаргаа дарж хэвтэж байлаа. Ашгүй Жоэл гүйгээд ирлээ. Аялал цааш үргэлжлэв. Нохой цагт 12 км давхидаг аж. Бид цаг аялаад түүдэг асаан амарч хооллов. Тэгээд л цааш хөдлөв. Туул гол зарим хэсгээрээ хөлдөөгүй. Нохой чаргатай давхихад мөс юу юугүй хагарах мэт дуугаран зарим хэсэгтээ цөмөрч байв. Эхний өдөр гурван цагийн аялал хийгээд хонох Босгийн гүүр хэмээх газар хоноглолоо. Жоэлийн ажил дуусашгүй. Аяллаас ирээд бүх нохойгоо чарганаас суллан эр эмээр нь ялгаж уяна. Мөн толгой нохдыг тусад нь байлгана. Ингэсний дараа нохдоо хооллоно. Оройн хоолонд өөх, адууны элэг. Энэ хоол нь нохойд тэжээл сайтай байдаг гэнэ. Хоёр дахь өдрийн аялал 12 цагаас эхэллээ. Энэ өдөр чарганд байгаа ноходтойгоо танилцлаа. Миний чарганы толгой нохойг Магвен гэдэг. Тэрээр Норвегийн анч нохойн удам. Толгой нохой болоод нэлээн удаж байгаа “босс” нохой. Дараагийн хоёр нохой нь нэг эхийн Шапс, Мамбу. Эх нь төрүүлээд л өнгөрчихсөн учир нэлээн эрх өссөн.Баянаа тэднийг шөнө бүр гурван удаа угжиж өсгөсөн. Яг л өөрийн хүүхэд мэт. Хамгийн ар талынх Ник, Маск. Ник монгол эхтэй, бас болоогүй ээ босс гэж байгаа. Энэ өдөр үдээс хойшхи аялалд миний чарганы толгой нохойг Шапсаар солив. Шапс нэг настай гөлгөн нохой. Анх удаа толгойд давхиж байгаа. Шинэхэн толгойлогч болоод тэр үү нэг эгнээнд орохын тулд тормос гишгэхэд л гаслаад л явчихна. Нэг бол зам товчлоод давхина. Эздээсээ холдохоор гаслана. Өөрийгөө толгой нохой гэж мэдэрч байгаа юм алгаа.Хамгийн хөгтэй нь Шапс давхиж явахдаа урд яваа франц жуулчны чарганд үсрээд суучихдаг байгаа. Тэгээд таатай нь аргагүй буух ч үгүй нэг хэсэгтээ давхидаг байна. Жоэл ирж байж буулгасан. Гурав дахь өдөр Босгийн гүүрнээс Галтай Булнайн Туулын бэлчир Хар ус хэмээх газар хүртэл аяллалаа. Хоёр өдрийн аяллаас чиглүүлэгч толгой нохой ямар их хариуцлагатай байдгийг сайн мэдэрсэн. Манай аялалын чиглүүлэгч нохойг Огли хэмээдэг. Таван настай. Нэлээн туршлагатай нохой. Баруун, зүүн гэх чиглэлийг маш сайн мэддэг. Эзэд хаашаа л эргэ гэнэ яг тэр даалгавраар давхина. Заримдаа өөрөө ч замаа мэдэн бартаа гарган давхиж байх жишээтэй. Бид өдөрт дунджаар 3 цаг давхиж байсан. Энэ өдөр Жоэл,Баянаа хоёр надад зураг авах бүрэн боломж олгосон. Ёстой л нөгөө анх төсөөлж байсан шигээ чарган дээр суугаад зураг авсан шүү. Бид Хар ус гэдэг газар Содномдаржаа хэмээх малчин айлд хоноод хуучин маршрутаараа аялсан. Бид нийтдээ нохойгоор 100 км газар Туулын мөсөн дээгүүр аялсан. Манай багийн менежер Б.Баяндэлгэрийн хэлснээр нохойн чаргаар аялна гэдэг газар дэлхийтэй хамгийн ойрхон аялал болдог гэсэн. Учир нь газраас ердөө гуравхан сантиметр л хөндий байдаг гэнэ. Нээрэн ч нохойн чарганы аялал газарт хамгийн ойр мэт. 2009 оны 12-р сарын 23 | |
