Баасан
Sep
10
Хийсч ирдэггүй, хэлж ирдэг өвөлд хэдий болтол зутрах вэ? Гэрэл зургийг Г. Эрдэнэтуяа


0:00   80%

С.Батзаяа/Өнөөдөр/ сонин

Хүйтний эрч чангарч хаа сайгүй барьц алдаж эхлээд байгаа. Орон нутагт даваа гүвээ цасанд боогдож, цасны зузаан зарим газар 50-70 см хүрч, мал хамар хатгах өвсгүй боллоо. Гурван ес эхлэхтэй зэрэгцэн манай сурвалжлах хэсэг хөдөөг зорив. Хэрлэн-Баян-Улаан орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд очив. Тэнд очиход цас хялмаалж, жихүүн салхи исгэрч байв. Уг нь энэхүү отрын бүс нутагт хоёр жил мал өвөлжүүлэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан ч энэ жил өвөлжилт хүндэрч, аргагүйн эрхэнд мал оруулахаар болжээ.

Бидний эхний буусан айл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Мухрын аманд отроор өвөлжиж буй Багануур дүүргийн гуравдугаар багийн иргэн 87 настай Г.Сандагням гуайнх байв. Тэдний хот айл гурван гэрээр өвөлжиж байна. Дүү, хүүгийнх нь  нийлсэн 200 гаруй бог, 10 гаруй үхэр, адуутай аж. Саахалтын зайд өвөлжиж байгаа айл  цөөнгүй гэнэ. Тэрбээр хэт хүйтэн учраас мал бээрч үхэх юм гэсээр яриагаа эхлэв. Малын хэвтэр дорхноо хөлдүүс болж мал хэвтэх газаргүй болчих юм. Өдөржин бууц дэвссээр  намар нөөцөлж авсан  бууцаа дуусах төвөвтэй. Энэ жил хэцүү өвөл болох нь ээ.  Энд нэг боодол өвс 4500-5000 төгрөгийн үнэтэй байна

Бидний дараагийн очсон айл бол Цэнхэрмандал сумын малчин Н.Баярхүүгийнх байв. Айлын эзэгтэй манай нөхөр хониндоо явсан. Ганц гэрээрээ өвөлжиж байтал ашгүй Төв аймгийн Баянжаргалан сумаас отроор нэг айл нүүж ирж манайхтай айлслаа. Хэн хэндээ  дэмтэй байна. Он гараад л цаг хүндэрчихлээ. Уг нь өвөл цаг гэдэг малчин бидний хамгийн жаргалтай үе байдагсан. Хүнсээ бэлдээд авсан цагт хавар мал төллөтөл нуруу тэнийдэгсэн. Энэ жил тийм биш бололтой. Гэхдээ баруун аймгуудыг бодвол манайх харьцангуй гайгүй л байна. Нутгийн мал ч яах вэ, нүүж ирсэн айлуудын мал л хэцүүхэн байх шиг. Бид ийнхүү гэрийн эзэгтэйтээ хуучилсныхаа дараа  хот айлаас гурван км орчим зайд бэлчих мал дээр очив. Биднийг очиход хонь хургалж малчин маань төлөө авч байв. Энэ хотныхон гуравдахь төлөө авч байгаа нь энэ аж. Отрын нутагт анхны төлийн дуу эрт цангинажээ. Дөнгөж гурван ес эхэлж байгаа энэ үед хойшид учрах олон олон хүйтэн өдрийг яаж давна даа гэх бодол төрж байлаа.



2010 оны 01-р сарын 12