Мягмар
Sep
07
Дуучин Сэрчмаа нөхөрт гарлаа. Гэрэл зургийг Ө.Баттайван


0:00   80%

Дуучин Сэрчмаагийн нөхөрт гарлаа

         Сэрчмаа Л.Самбуу хэмээх зургаан хүүхэдтэй айлын бага нь.  Тэрбээр  багаасаа урлагийн сургууль хэссэн учир гэрийнх нь гар хуруу нь эвдэрчихнэ гээд гэрийн ажилд барагтай л оролцуулдаггүй байж. Нэг ёсондоо ах, эгчийн гар дээр бөмбөрч өссөн азтай дүү. Энэ утгаараа авах гэснээ заавал авдаг, хор шартай, дураараа зантай гэж түүнийг найз нөхөд нь дүгнэдэг юм билээ.

Түүнийг урлагт гэнэт цоорч гарч ирсэн гэвэл эндүүрэл болох биз. Учир нь тэрбээр бага байхын л дуулах, хөгжимдөх хоёрт “нугасгүй”  хүүхэд байсан гэдэг. Нэг удаа сургууль нь сурагчдынхаа дунд нийслэлийн тухай дууны уралдааныг зарлажээ. Тэр уралдааныг Сэрчмаа ихэд шохоорхож байсан тул өөрийн авьяасаа сорьж үзэхээр шийдэж. Тэгээд урьд өмнө нь хэзээ ч оролдож байгаагүй дууныхаа үгийг бичиж, аяыг нь бас өөрөө зохиожээ. Эцсийн мөч ирэхэд түүний дуу тэргүүн байрыг эзэлж, хязгааргүй их урмыг тэрбээр авсан гэдэг. Энэ тухай тэрбээр “Тэр мөчид би урлагт эргэлт буцалтгүй орох хэрэгтэй гэдгээ мэдэрсэн” хэмээн хуучилсан байдаг. Сүүлд “Эмоушн” хамтлагаас гарах үед гэрийнх нь өөр мэргэжил эзэмш, амьдралаа бод гэж зөвлөж байсан ч тэр тас гүрийсээр  ганцаараа уран бүтээлээ хийх болсон гэдэг.

Хаягдсан Sally

Тэр “Эмоушн” хамтлагийг анхлан байгуулалцаж байсан гишүүдийн нэг нь юм. Тэрбээр  хөгжим тоглох дуртай хүүхэд байсан тул Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид сурдаг байж. Гэвч яваандаа дуулах хүсэлтэй болж, шинэ хамтлаг байгуулагдах сургаар Чинбаа дээр очиж шалгуулснаар дуулах гараагаа эхэлсэн гэхэд болно.

Түүний уран бүтээлийн гараа тийм ч дардан байгаагүй. Хамтлагийнх стиль өөрт нь тохирохгүй байсан учир продюссер Чинбаатай таарамжгүй харьцаатай болж хамтлагаас гарахаас өөр зам түүнд үлдээгүй гэдэг. Гэхдээ энэ нь хамтлагаас гарах цорын ганц шалтгаан биш. Түүнийг цомог дээрээ ажиллуулчихаад, өөр дуучин олъё гэж хамтлагийнх нь ярьж байхыг  Сэрчмаа санамсаргүй сонсчихсон юм билээ. Тэгээд тэд нарт голдоо ортол гомдож, эргэн хараагүй юмсанж. Тэр үед түүний хор шар дээд цэгтээ хүртэл хүрч, ганцаараа л дуулах ёстой юм байна гэж ухаарсан гэдэг. Сэрчмааг хор шар ихтэй бүсгүй гэж дээр хэлсэн дээ. Үнэхээр хор шар нь л Сэрчмааг өдий зэрэгтэй авч явсан. Үүнийг түүний ойр дотных нь хүртэл ярьдаг юм билээ.

Хамтлагаасаа гарсныхаа дараа тэрбээр нэлээд хэцүүхэн он жилүүдийг туулсан. Үнэн худлыг нь мэдэхгүй ч бүр бааранд хүртэл дуулж байсан гэсэн яриа бий. Монголын бараг бүх хөгжмийн зохиолчдыг урьж өөрийн дуу хоолойгоо сонсгож байсан гэж ярьдаг.   Түүнд  хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” хэмээх киноны дуугаа өгсөн нь Монголын ард түмэнд танигдах эхлэл нь болж өгсөн юм.

“Оддын дунд зугаалах эрх саран

Орой бүр хайрын тухай ярина…”, “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” хэмээн түүний уран бүтээлүүд эгшиглэх болсон юм. Ийнхүү “хаягдсан” “Эмоушн” хамтлагийг давж гарах гэсэн хүсэл нь бага багаар биелсээр, нэг л мэдэхэд “Хайрын дуучин” хэмээх өргөмжлөлийг хүртэж, Монголын рок попын ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатуудтай мөр зэрэгцэн Монголын дива хэмээн нэрлэгдэх болсон билээ.

Уран бүтээлийн амжилт, уналтууд

Дуучин л болсон хойно уран бүтээлд нь мандаж, буурах үе Сэрчмаад байлаа. Шинээр гарч ирж байгаа дуучин гэлтгүй бараг бүх дуучдыг аль хэр хугацаанд өөрийн нэр хүндээ хадгалж байгаагаар нь чансааг нь тогтоодог. Сэрчмаа энэ шалгуурт тэнцэж бас унаж явсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл гарсан даруйдаа “Хайрын дуучин” хэмээх нэрийг аваад байсан залуу дуучин маань энэ нэр хүндээ тийм ч сайн хадгалж чадаагүй. Түүнийг үзэгчид тогтворгүй хэмээн дүгнэж, рок попынхон хүртэл үүнтэй санал нэг байсан нь уран бүтээлийг нь уналтад оруулах шалтгаан болж байлаа. Бас энэ нь түүний биеэ авч яваа байдлаас ч болсон гэхэд болно.

Учир нь биеэ үнэлж уран бүтээлээ хийдэг, янз бүрийн хүнтэй явалддаг гээд түүний тухай  сөрөг мэдээллүүд цацагдаж эхлэв. Энэ нь түүний нэр хүндийг хурдтайгаар унагасан юм. Шинэ соргог зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдэрсэн дуучин маань хоёр жилийн өмнө дуулах стилиэ өөрчилснийг та санаж байгаа байх. Монголын хамгийн сайн реппер гэгддэг Куйзатай хамтран “Жалам хар” дууг орчин үеийн хэлбэрт оруулж дуулсан нь Сэрчмаагийн хувьд шинэ зүйлд өөрийгөө сорьсон зоригтой алхам байв. Хип хопоор үглэх, бүжиглэх гээд хийж үзээгүй уран бүтээлээ  хийсэн нь зарим үзэгчдэд таалагдаж байсан ч ихэнх нь  дургүйлэхсэн. Одоо түүний уран бүтээл Өмнөд хөршид үргэлжилж байна. Тэрбээр энэ онд өөрийн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд 80 хувь нь хятад хэл дээр дуулагдах юм гэсэн.

Сэрчмаагийн хайр дурлалууд

Сэрчмаад бурхан сайхан бие, царай зүс хайрласан нь болохоор тэрбээр үргэлж л хэл аманд өртөж явдаг. Энэ утгаараа түүнийг зарим хүмүүс хормой султай гэж дүгнэдэг. Тэрбээр дөнгөж нэрд гарч байх үедээ л баарныхаа эзэн хөгшин солонгостой явалддаг хэмээн шуугиулснаас хойш олон эртэй нэр холбогдсон.  Түүний хамгийн анхны хамтран амьдрагч нь “Казино” Байгалийн хүү Тэмүүлэн байлаа. Олон жил харилцаагаа нууцалж, ажил хэргийн холбоотой хэмээн үгүйсгэж байсан тэд нэлээд олон жил хамтран амьдарсан гэдэг. Энэ хугацаанд залуу хүн л хойно салж нийлэх асуудал байсан л байх. Гэвч тэдний харьцаа гурван жилийн өмнө төгсгөл болсон. Сэрчмаа Тэмүүлэнгээс салсан үедээ “Cross animation”-ын Нэмэхээ, жүжигчин Эби нартай янаг амрагын холбоотой гэж шуугиж байсан ч тэрбээр үгүйсгэж байсан билээ. Мөн түүнийг “Hero”-гийн Баатартай янаг амрагийн харьцаа тогтоож байсан гэсэн яриа ч бий.

Журамт уу, Баяр уу

Сэрчмаа Өвөрмонголын тэрбумтантай суулаа гэсэн яриа цацагдсанаас хойш олны дунд халхын баячуудыг голж өвөрлөгч баянтай суужээ. Хаялга ихтэй юм байлгүй дээ гэх яриа газар авсан. Түүний нөхрийг Журамт гэдэг гэсэн ч сүүлдээ Зоригт, Тамир гээд олон янзын нэр болж хувирсан билээ. Тэгвэл Сэрчмаа, Т.Баяр хэмээх бизнесмэн залуутай гэрлэжээ. Түүний нөхөр нь Улаан хад хотын Хишигтэн хошууны уугуул бөгөөд Сэрчмаагийн адил айлын отгон хүү аж. Өвөрмонголын их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр төгссөн ч 2003 онд “Шилэнг мин” хэмээх компаниа байгуулжээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ компани Өвөрмонголын тэргүүлэх зэрэглэлийн компани аж. Тэр хоёр өнгөрсөн долдугаар сард танилцжээ. Баяр аавынхаа насны ойн баярт Сэрчмааг урьснаар тэр хоёрын хайр сэтгэл эхэлсэн юм байх. Өвөрмонголчууд Баярыг өмнө нь гэр бүлтэй байсан гэдэг. Бас Сэрчмаагаас өмнө дуучин Ч.Ануг сонирхдог байсан гэж ярьдаг гэсэн.

Баян нөхрийн “сүйн бэлгүүд”

Өвөрмонголд хувь хүний ганцхан сургууль байдаг нь алдар дуучин Дэдмаагийнх. Гэвч уг сургууль хэмжээгээрээ жижиг бөгөөд цөөхөн оюутан сурдаг аж. Харин Сэрчмаагийн сургууль хотын төвд 20 га газрыг хамрах ба монгол мөнгөөр дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй. Ирэх гуравдугаар сард ашиглалтад орох уг сургуульд Монголын олон уран бүтээлчид ажиллах санал тавиад байгаа. Гитарчин Өлзий-Орших, Ж.Чингис нар тэдгээр хүмүүсийн тоонд ороод буй. С.Сэрчмаа сургууль ажиллуулахын хажуугаар Соёл урлагийн компани байгуулж байгаа гэнэ.

Б.Өрнөх

/"Улаанбаатар таймс" сониноос  хэсэглэн авав./

 

 



2010 оны 01-р сарын 20